“Сoal Mongolia-2022” чуулганаар төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцлов

“Coal Mongolia 2022” чуулга уулзалтын 2 дахь хуралдаан “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдвээр үргэлжлэв.

Энэ хэсэгт “Эрчим хүчний нүүрсний ирээдүй-Сорилт ба боломж” сэдвээр DMT группийн Төсөл, борлуулалт хариуцсан инженер Т.Маргад, “Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөц ба экспортын нөөц боломж” сэдвээр АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга М.Мэндбаяр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн, Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд баруун босоо тэнхлэгийн 1600 гаруй км төмөр замын төслийн концессын эрхийг төрөөс “Монголын төмөр зам” компанид олгосон. Тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын менежер А.Балдандорж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн явц, стратегийн ач холбогдлыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өнөөгийн байдал”-ыг “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж буй 10 дахь удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалтын хуралдаанаар хэлэлцүүлэв. Мөн Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлыг “Монгол тээвэр нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд танилцууллаа.

Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, нарийвчилсан хайгуулаар 37 тэрбум тонн гэж тогтоогджээ. Үүний дийлэнх нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс. Манай улс 150 орчим тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцөөсөө жилд 7 сая орчим тонн нүүрс олборлож, дотоодын станцууддаа хэрэглэдэг. Үлдсэнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй байна. Манай улсын эрчим хүчний нүүрсний ордуудын илчлэг нь дунджаар 3000-4500 ккал байгаа нь Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой гэсэн үг аж. Эрчим хүчний нүүрс экспортлоход хамгийн том хүндрэл нь тээвэр. Тиймээс цахилгаан болгож экспортлох нь эдийн засгийн үр ашигтай аж.

Чуулганы “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдэвт хэсэгт “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Нүүрсний давхаргын метан хийн төслийн нөөц боломж, агаарын бохирдлыг бууруулах шийдэл”-ийг санал болгосон бол “Эрчим хүчний нүүрсний экспортын нөөц чадамж ба эрчим хүчний төслүүд” хэсэгт ТМК Энержи ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Ганзориг “Альтернатив эрчим хүчний эх үүсвэр ба Гурвантэс XXXV талбайн боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

“Coal Mongolia 2022” чуулганы 3 дахь хэсэг “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдвээр үргэлжилж, бүс нутгийн хөгжил, компани, орон нутгийн харилцаа, түншлэлд төвлөрсөн юм. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Уул уурхайн салбарын орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, бодит жишээг танилцуулж, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр Говийн бүсийн аж үйлдвэрлэлийн зураглал, “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгасан Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх боломжийг онцолжээ.

“Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэгт Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд болон дээрх итгэл хэлэлцүүлсэн төлөөллүүд оролцов.