Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монголын анхны хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо

Төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд 9 дүгээр сарын 9-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар , Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төр засаг, орон нутаг, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлж, уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болж байгааг онцоллоо.

Тэрбээр мөн “Энэ зам бол манай улсын хөгжлийн зам, хөрөнгө оруулалтын зам, боломж бололцооны зам” гэв.

Энэ өдөр шинээр ашиглалтад орж буй төмөр замаар анхны тээврийг хийж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд анхны ачаа ачсан галт тэрэг хөдөллөө.

Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм юм. 

Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар  дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж байна.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажиллажээ.